Tеатрын зарим уран бүтээлчид удирдлагатайгаа хамтарч ажиллах боломжгүйгээ мэдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-29 21:56:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын даргаар Б.Батсайхан дахин томилогдсонтой холбоотойгоор театрын зарим уран бүтээлчид түүнтэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, ажил хаялт зарлаж магадгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс энэ талаар Жаахан шарга театрын Үйлдвэрчний эвлэлийн дарга Ш.Эрдэнэцэцэг болоод театрын дарга Б.Батсайхан нараас тодрууллаа.

“Манай хамт олны хувьд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд бид аль болох залуу хүнийг дэмжээд, хамтраад үзье гэж хичээсэн. Гэвч үнэндээ болоогүй. Тиймээс цаашид ийм байдлаар үргэлжлэх боломжгүй учир энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг аймаг орон нутгийн удирдлагуудад албан бичгээр хүргүүлсэн. Үүнд манай хамт олны 49 нь нэгдэж гарын үсгээ зурсан байгаа. Одоогоор дорвитой шийд өгөөгүй байна. Бидний хувьд ажлаа хэвийн үргэжлүүлж байна. Хэдий удирдлагатайгаа хамтран ажиллах боломжгүй ч одоогоор ажил хаялт зарлана гэсэн зүйл байхгүй.” хэмээн Жаахан шарга театрын ҮЭ-ийн дарга Ш.Эрдэнэцэцэг хэллээ.

Харин Жаахан шарга театрын дарга Б.Батсайхан хэлэхдээ “Намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзсэн учир миний хувьд шүүхийн шийдвэрийн дагуу буцаж томилогдсон. Уран бүтээлчдийн үүсгээд байгаа энэ нөхцөл байдлын хувьд хэдхэн хүний явуулга гэж би хэлмээр байна. Би бол театрын дарга, ерөнхий менежер хүн. Уран бүтээлд оролцдоггүй. Үүнийг ерөнхий найруулагч, уран бүтээлийн алба авч явдаг. Харин тухайн уран бүтээлийг борлуулах маркетингийн ажлыг би болоод маркетингийн алба хийдэг. Уран бүтээлчид ажил хаях эсэх нь өөрсдийнх нь шийдвэр. Миний зүгээс халаа сэлгээ хийх ямар ч бодол байхгүй. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа уран бүтээлчдээ халах эрх надад байхгүй. Магадгүй би ажлын бус цагаар ажиллуулаад, өөр дарамт шахалт үзүүлээд байвал өөр шүү дээ. Гэхдээ тийм зүйл огт байхгүй, уран бүтээлчид үндсэн ажлаа л хийх хэрэгтэй. Тиймээс уран бүтээлчдээ өөрсдөө бие даан шийдвэр гаргаж, өөрийн гэсэн толгойтой байгаасай, хэн нэгний нөлөөнд бүү автаасай гэж хүсэж байна.” гэлээ.

Б.Батсайхан нь тус театрын даргаар ажиллах хугацаандаа 2017 онд 140  сая төгрөгөөр зөөврийн тайз, лед дэлгэц, гэрэлтүүлэг авсан бол 2018 онд 137 сая төгрөгөөр театрын засвар үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлэг, шум техникийн шинэчлэл хийсэн байна. Харин Б.Батсайханы өмнө гурван сар театрын даргаар ажилласан Б.Баярцогт нь Жаахан шарга театрын 30 жилийн ойг хамт олныхоо хүчээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, энэ хүрээндээ ажилчид болоод үзэгчдэд таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллажээ.

 

 

Холбоотой мэдээ