Хятад, Аргентин улс атомын цахилгаан станц барих хэлэлцээр байгуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-30 11:27:49

   Бээжин /МОНЦАМЭ/Хятад, Аргентин улс атомын цахилгаан станц барих хэлэлцээр байгуулна хэмээн Ройтерс агентлаг мэдээллэв. Тодруулбал, БНХАУ-ын дарга Си Жиньпин Аргентинд болох “Их-20”-ын уулзалтад оролцсоны дараа тус улсад төрийн айлчлал хийх үеэр уг хэлэлцээрийг байгуулах аж. Энэхүү үлэмж хэмжээний төслийн дүн 8 тэрбум ам.доллар байх юм. Хөрөнгө оруулалтын төсөл нь БНХАУ-аас Аргентинд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл  бөгөөд төсөл хэрэгжсэнээр АНУ-ын бүс нутгийн чухал холбоотон болох Аргентин улсад Хятад улсын нөлөө их хэмээн шинжээчид дүгнэж байна. Атомын цахилгаан станц нь Аргентин улсын хувьд 4 дэх нь бөгөөд өмнөх 3 атомын цахилгаан станц нь тус улсын эрчим хүчний 5 хувийг нийлүүлдэг юм байна. Анхны атомын цахилгаан станц 1974 онд тус улсад ашиглалтад орж байжээ. Мөн Си Жиньпин-ий айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулах өөр нэгэн чухал баримт бичиг бол 18.7 тэрбум ам.долларын своп хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрийг байгуулснаар Хятад  Аргентин улсын хувьд хамгийн том зээл олгогч орон болж байна. Түүнчлэн АНУ-БНХАУ-ын хооронд үүсээд буй Худалдааны дайны улмаас АНУ-аас БНХАУ-д нийлүүлэх шар буурцагны татварыг нэмэгдүүлснээр Хятад улс Аргентины шар буурцагийн хамгийн том импортлогч улс болоод байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ