Баян-Өлгийн "Азат" компани Вьетнам руу мах экспортолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-28 15:41:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Азат" компанийн Өлгий хотод олон улсын халал стандартын дагуу мах бэлтгэн боловсруулах үйлдвэр байгуулагдан, өчигдөр нээлтээ хийлээ. 

Тус үйлдвэр нь өдөрт 200 толгой бод, 800 бог мал нядлах, есөн тонн бод малын, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай аж.

Махны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 60 гаруй иргэн ажлын байраар хангагдаж байна.

Компанийн захирал Х.Бердмуратын тайлбарласнаар тус үйлдвэр нь саяхнаас Вьетнам Улс руу боловсруулсан мах экспортолж эхэлсэн бөгөөд цаашид бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ руу гаргахаар бэлтгэлээ хангаж, холбогдох зөвшөөрлүүдээ авчээ.

Дашрамд хэлэхэд, "Азат" компани нь 2017 оноос Сагсай сумын Улаан дээлийн услалтын системд 750 га газарт ногоон цай, малын тэжээл тариалж БНХАУ руу экспортод гаргаж байгаа юм.


Холбоотой мэдээ