Хүчтэй салхины улмаас өвсний нөөцийн саравчны дээвэр хуурч унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-27 12:33:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 25-нд Орхон аймагт  салхи 12-20 м/с хүртэл шуурч, Баян-Өндөр сумын өвсний нөөцийн салбарын блокон хашаа хазайж, модон тулгууртай саравчны дээвэр нь хуурч унажээ. Өвсний саравчны барилга дуусаагүй байсан тул хүчтэй салхинд дээвэр нь хуурсан байна. 

Мөн Их-Залуу багийн 20 дугаар гудамжинд иргэн Б-ийн таван ханатай гэр шатсан байна. Салхи хүчтэй шуурч, хүйтрэх үед иргэд галлагаагаа нэмсэний улмаас гал алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.  Дээрх гамшиг, ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газар яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Тус өдөр 14:55 минутаас явган шуурга шуурч 18:00-19:58 цаг хүртэл салхины хурд 12-20 м/сек хүртэл хурдасч 20.00 цагаас хойш эрч нь буурсан байна.  Салхины улмаас “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнгийн зарим хэсгийн дээвэр мөн хуурч унажээ.

Аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 19-25-нд гал түймрийн хэрэг, зөрчлийн тав, гамшиг ослын нэг дуудлага иржээ. Үүнээс гэр хороололд хогийн цэг шатсан хоёр дуудлага ирсэн бол 20-нд  Булаг багт иргэн Э-ийн байшингийн дээвэр болон дотор хэсэг шатаж 40, 6 настай хоёр иргэн галын улмаас амиа алдсан байна. Уг асуудлыг Цагдаагийн газарт шилжүүлжээ.

Мөн 24-нд Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэн Ц-ийн 170 боодол өвс, 200 боодол тэжээл шатаж Гал унтраах 56 дугаар анги очиж ажилласан байна. 

Холбоотой мэдээ