Сарын сүүлчээр эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-27 10:05:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн замд өчигдрөөс эхэлсэн шороон шуурга өчигдөр оройноос намжжээ. Харин нутгийн хойд хэсгээр цас орж, цасан бүрхүүл тогтоод байгаа бөгөөд зарим газраар цасны хэмжээ зарим газарт 10 см хүрээд байгаа аж. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг албаныхан зөвлөж байна.
Өнөөдрөөс бага зэрэг дулаарах ч, энэ сарын 30-наас нийт нутгаар цас орж, эрс хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа.
Ирэх сарын хоёронд хангайн ууулархаг нутгаар цас орно. Салхи ирэх сарын нэгэнд говийн нутгаар, хоёронд ихэнх нутгаар 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн салбар уулсаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Эхийнголын нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Холбоотой мэдээ