"Гурван үеийн алтан хэлхээ" уулзалтын үеэр иргэний андгай өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-27 11:23:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын өдөр буюу улс тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр аймгийн Ахмадын холбоо, Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хамтран "Гурван үеийн алтан хэлхээ" уулзалт зохион байгууллаа. Мөн үеэр 16 настнуудын Иргэний андгай өргөх ёслол болсон юм.

Баянхонгор аймагт ес дэх жилдээ зохион байгуулж буй Иргэний андгай өргөх ёслолд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ ямагт оруулж ирсэн үе үеийн ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлээд, 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд залуустаа эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөлөө.

Мөн үеэр ахмадууд залуус дүү нартаа Тусгаар тогтнолын үнэ цэнэ юу болох, яагаад эрхэмлэж явах учиртайг захиж, алтан сургаалиа хайрласан юм.

Эдүгээгээс 94 жилийн тэртээ 1924 оны зургадугаар сарын гурванд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталжээ. Үүний дараа БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ.

Холбоотой мэдээ