"Дотоод ертөнцийн урсгал" номын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-24 19:53:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт, нэрт яруу найрагч, зохиолч Ванхүүгийн Батбаяр агсны "Дотоод ертөнцийн урсгал" номын нээлт өвлийн эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Баянхонгор хотноо боллоо.

В.Батбаяр агсны үр хүүхэд, найз нөхдөөс хамтран тав дахь номыг эмхтгэн хэвлүүлж уншигчдын хүртээл болгож буй нь энэхүү "Дотоод ертөнцийн урсгал" хэмээх түүний шүлэг, яруу найраг, өгүүллэгийн түүвэр зохиол ажээ.

Номын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын ОНХА-ны дарга Д.Юндэнбазар, В.Батбаяр агсаны үр хүүхдүүд, түүний уран бүтээлийн эрхэм нөхөд нь болон түүний зохиол бүтээлийг шимтэн унших дуртай уншигч, яруу найрагчид оролцжээ.

Номын нээлтийн ёслолын үеэр Засаг дарга Г.Батжаргал аавынхаа уран бүтээлийг ном болгон мөнхөлж ариун цагаан суварга бүтээсэн түүний ууган хүү Б.Төрмөнх нарын үр хүүхдүүд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлээд,  "Ирэх жил хийх ламын гэгээний 380 жилийн ойн даншиг наадамд уригдан оролцох зочиддоо барих эрхэмийн дээд бэлэг энэ ном байх болно" гэдгийг онцолж байв.

Эрхэм найрагчийн гэр бүл, үр хүүхдүүдээс энэхүү "Дотоод ертөнцийн урсгал" номын баярыг төрөлх Баянговь суманд нь удахгүй хийж, нутаг усандаа хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ