Байдрагийн гүүр чиглэлийн автозамыг хэсэгчилж нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-24 19:52:05
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замын 103,5 км-ийн хэсэгчилсэн нээлт энэ сарын 23-нд боллоо.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж буй тус авто замын ажлыг "Шанхай констракшн" групп 50 сая долларын өртгөөр Баянхонгор аймагт тавьж гүйцэтгэж байгаа юм. Үлдсэн 24 км автозамыг ирэх жилийн зун бүрэн дуусгаж ашиглалтад оруулах аж.
Тус замын хөдөлгөөний хэсэгчилсэн нээлтийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн удирдлагууд, ард иргэд болон "Шанхай констракшн" компанийн удирдлагууд оролцлоо. Мөн үеэр тус компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, орон гэргүй өрхүүдэд өргөө гэр болон хүнсний бүтээгдэхүүн хүргүүлж буйгаа гардуулан өгсөн байна.
Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь баруун аймгуудыг нийслэлтэй холбох авто замын нэг хэсэг нь болж байна. Тус зам ашиглалтад орсноор Байдрагийн гүүр хүртэл зорчих орон нутгийн иргэд болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд, тийшээ зорчигсод тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм. Мөн эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж дан Баянхонгор аймаг гэлтгүй тухайн бүс нутагт эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг албаныхан онцолж байлаа.
Сонирхуулахад, "Шанхай констракшн" Монгол Улстай 10 жилийн хугацаанд хамтран ажиллаж буй бөгөөд “Буянт Ухаа” цогцолбор, Ховдын Дөргөний усан цахилгаан станц зэргийг барьж байгуулжээ.
Холбоотой мэдээ