“Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2018” энэ сарын 23-26-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-11-22 17:28:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, “Жуулчин” ХХК, “Нью жуулчин турс” ХК, Let’s Travel ХХК, Ger to Ger ХХК зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжүүд энэ сарын 23-26-нд “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2018”-д оролцож, Монгол орны аялал жуулчлалын онцлог, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчилна.

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн Захирал Б.Пүрэвжав хэлэхдээ “Бид цаашид байгаль орчинд ээлтэй, экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажилаж, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах үзэл санааг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа төдийгүй тогтвортой хөгжлийн нэхээхэн зорилтоо болгон ажиллах болно” хэмээв. 

Монгол Улсаас Тайваньд суугаа төлөөлөгч П.Халиун хэлсэн үгэндээ, “Аялал жуулчлал бол Монгол орны үйлдвэрлэлийн хамгийн чухал гурван салбарын нэг  бөгөөд бид 2020 он гэхэд хүлээн авах жуулчдын тоогоо 1 саяд хүргэх хүсэлтэй байна. Жил бүр дундааар 10 сая гаруй Тайвань жуулчин гадны улс орнуудад аялдаг тул бид энэхүү шинэ зах зээлийг нээх бүрэн боломж бий” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун, “Дэлхийд хамгийн томоохонд тооцогддог аяллын мэдээлэл түгээгч Fodor's-оос гаргасан дэлхийн өнцөг булан бүрийн аялахад таатай 52 газрыг сонгон зарласан бөгөөд Ази тив дэх аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын жагсаалтын нэгдүгээр байрт Монгол орон бичигдсэн бол Тайпэй хот уг жагсаалтын хоёрдугаар байрт бичигджээ. Монгол орны цэлмэг хөх тэнгэр, Тайванийн номин ногоон далай тэнгис дэлхийн улс орон бүрийн аялагч жуулчлагч нарын анхаарлыг татдаг гэдгийг үүнээс харж болох юм” гэж онцлов.  

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр нээн ажиллаж буй Монголын аялал жуулчлалын павилионы зохион байгуулалтын ажлыг Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хариуцан ажиллаж байгаа бөгөөд Монгол үндэсний уламжлалт амтатнаар ирсэн зочдоо дайлахаар төлөвлөж байгаа аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр Монгол орноо төлөөлөн оролцож буй уран бүтээлч Д.Даваасүрэн морин хуур, хөөмийн үзүүлбэрээр үзэгч олны сонорыг мялаах юм. Уг үзэсгэлэнг үзэж сонирхохоор зорьж буй Тайванийн иргэдийг J2210 үзэсгэлэнгийн павилионоор зочлон, Монголын уламжлалт соёл, өргөн уудам тал хээр нутгийн тухай мэдээлэл, сонин сайхныг хүрэлцэн ирж сонирхохыг зохион байгуулагчдын зүгээс урьж байна. 

Холбоотой мэдээ