“Эзэн заяа” дууны тэмцээний шилдгээр “Үй-цай” сургуулийн сурагчид тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-22 17:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн хятад хэлний сургалттай “Үй-Цай” сургуулийн Монгол хэл уран зохиолын танхимаас санаачлан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” дуун цэнгүүнийг анх удаа зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 20 гаруй сурагч яруу найрагч Д.Пүрэвдоржийн дууны уран бүтээлээр өрсөлдөв. Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах, хамтлаг гэсэн ангиллаар болов.

Бага насны ангилалд тэргүүн байрт Үй-Цай сургуулийн 4 дүгээр ангийн сурагч н.Итгэл, дунд насны мөн сургуулийн  7 дугаар ангийн сурагч М.Сайнбуян, ахлах насны ангилалд сурагч Н.Нандин, хамтлаг дууны төрөлд “Залуус” хамтлаг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.

Тэмцээний шүүгчээр Ардын жүжигчин, УГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг ажилласан юм.


Хөгжим судлаач Ч.Буянхишиг ярихдаа, “Яруу найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит дууны уран бүтээлийн анхны наадамд хүүхдүүд идэвхтэй оролцлоо. Д.Пүрэвдорж гуай бол эх орны дууч хүн, шүлэг бүр нь эх орон, ард түмэн, нутаг усаа гэсэн ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан дуутай. Манай алдартнуудын уран бүтээлийг хүүхэд багачуудад өвлүүлэх, мартуулахгүй байх, хүүхдийн эх оронч хүмүүжил, ахас ихсээ хүндэтгэх, газар нутгаа хайрлахад онцгой ач холбогдолтой. Дууны хувьд “Дөрвөн цагийн тал”, “Хаврын шөнийн бодол”, “Алтан шар зам”, “Талдаа дуулах дуу”, “Нар инээдэг юм” гээд дууг нь хүүхдүүд дуулж байна. “Залуус” хамтлаг “Такси цоохор машин” дууг нь орчин үеийн өнгө аяс оруулахын зэрэгцээ үндсэн аяыг нь эвдэхгүйгээр дунд нь хип хоп төрөл оруулсан их сайхан дууллаа. Эдгээр дууны бүтээлийг энэ тэмцээнээр дамжуулан хойч үедээ уламжлуулах нь яруу найрагчийн гайхамшигтай бүтээл үеийн үед мартагдахгүй” гэв.

Маргааш Д.Пүрэвдоржин нэрэмжит “Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн тэмцээн болж, шилдгүүдээ тодруулах юм.

 

Холбоотой мэдээ