Монгол хүний онцлогт тохирсон гутал үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-11-22 17:30:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөнгөн үйлдвэрийн салбарт гутлын мэргэжлийн багш оюутнууд, гутлын үйлдвэрийн ажилчдад зориулсан “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийг албан ёсоор нээлээ.

Урлах Эрдмийн дээд сургуульд болсон нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУЯ, Европын Холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, гутал үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, их дээд сургуулиуд зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д заасны дагуу ноос ноолуур, арьс ширэн түүхий эд, бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын түвшинг дээшлүүлэхээр ажиллаж байна. Тиймээс өнөөдрийн нээлтээ хийж буй цахим сургалтын хөтөлбөр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү чиглэсэн, гутлын инженер, өрхийн үйлдвэрлэгчид, салбарын багш, оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгэн арга зам гэж үзэж байна. Урлах эрдмийн дээд сургууль бол хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг томоохон сургуулийн нэг. Тиймээс НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн баг тус сургуультай хамтран ажиллаж, онлайн сургалтын талбарыг нээж байгаад талархаж байна. Уг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр салбарын мэргэжилтэй ажилтнуудын тоо өсч, гутлын үйлдвэрлэл нэмэгдэх ач холбогдолтой юм.


 НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа: “Гутлын зохион бүтээлт” цахим хичээлийн агуулгыг боловсруулан Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХААБ, НҮБАҮХБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй юм. "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд монгол хэлнээ хөрвүүлж, сургалт удирдах Moodle системд суурилсан Урлах эрдмийн цахим сургалтын баазыг бий болголоо. Цахим хичээлийг танхимын сургалттай хослуулж, дадлагын хичээлээр баяжуулан Монголын арьс шир, гутал үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх ажлыг 25 жилийн түүхт Урлах эрдмийн дээд сургууль хариуцан гүйцэтгэх бөгөөд Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжин ажиллаж байна. Хичээл нь хүний тавхайн анатоми, гутлын материал ба эд ангиуд, хэвлүүрээс хуулбар буулгах, үдээстэй эрэгтэй ботинкны эсгүүр гаргах, загвар гутал үйлдвэрлэх гэсэн 5 модуль, өөрийгөө сорих тестүүдээс бүрдэж байгаа ба цаашид сандаал, спорт гутал, туфли зэрэг төрөл бүрийн гутлын эсгүүр гаргах 10 модулиар нэмж баяжигдах юм. Суралцагчид цахим хичээлийг Интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж судлах боломжтой.Сургалтын агуулгыг НҮБАҮХБ-ын захиалгаар Итали улс дахь Үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн олон улсын политехникийн институтээс (Politecnico Internazionale per lo Sviluppo Industriale ed Economico/PISIE) анх 1980-аад онд боловсруулан гаргасныг НҮБАҮХБ-ын Арьс ширний үйлдвэрлэлийн зөвлөх Др.Ferenc Schmel 2012 онд 21 модуль бүхий цахим сургалтын агуулга болгон шинэчлэн зохиомжилсон.


Урлах эрдмийн дээд сургуулийн захирал, Проф.Г.Тунгалаг: Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын түвшин сайжирч байна. Манай төгсөгчдийн дунд амжилттай яваа үндэсний үйлдвэрлэгчид байна л даа. Best shoes, Хөөндий, Чиг зэрэг 200 гаруй монгол гутлын брэндийн эхлэл суурийг манай төгсөгчид тавьжээ. Энэ ч утгаараа гутлын зохион бүтээлт, үйлдвэрлэлийн сургалтыг жил бүр боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажилладаг. Тиймээс энэхүү холимог сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зөвхөн манай сургуулийн оюутнууд гэлтгүй мэргэжил харгалзахгүй, сонирхсон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гутлын зохион бүтээлтийн талаар бие даан суралцах боломж бүрдэж байна.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зохицуулагч Г.Мөнхболор: Монголдоо монгол хүний онцлогт тохирсон гутал үйлдвэрлэх, цаашлаад өөрийн орны түүхий эд, гараар хийсэн гутлыг олон улсын зах зээлд гаргах, сурталчлах боломж харагдаж байгаа учраас уг сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа юм. Манай улсын хувьд нэг хүн жилд дунджаар 4-6 хос гутал өмсдөг гэсэн тооцоо бий. Ингээд харахаар дотооддоо зорилтот зах зээлд чиглэсэн, импортыг орлох сайн чанарын гутал үйлдвэрлэх боломж байна. 

Холбоотой мэдээ