Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-22 12:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэв.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” хэмээн заажээ. Энэ нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчсөн хэмээн үзснийг уг дүгнэлтэд дурьджээ.

Мөн О.Баасанхүү гишүүн, “Орон нутгийн удирдлагыг сонгох асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын гишүүн сонгох явцтай адилтгаж үзэх нь буруу” хэмээн шүүмжлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ