Дулааны станц барихад шаардлагатай судалгаа хийж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-11-22 12:21:15

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн ажлыг эхлүүлээд байгаа. Үүний нэг нь Архангай аймаг бөгөөд тус төслийн Байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн үнэлгээний багийн БНСУ-ын төлөөлөл И Сан Хүн, Им И Жин тэргүүтэй ажлын хэсэг Архангай аймагт хоёр дахь удаагаа ирж, аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг сонсон, судалгаандаа шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулан, одоо байгаа байдалтай танилцлаа.


Судалгаагаар Цэцэрлэг хотын одоогийн 11 уурын зуухны хүчин чадал, ажиллаж байгаа байдал, хэдэн хүн ажилладаг, сургалт хэрхэн явуулдаг, дулааны шугамын насжилт, шинэчилсэн байдал, “Эх Голомтын илч” ХХК-ийн дулааны станцтай болох эсэхэд ямар байдлаар хандаж байгаа тухай, иргэдийн санал хүсэлт, хүлээлт ямар түвшинд байгаа, агаарын бохирдол бий эсэх гэх мэтчилэн олон асуудлын хүрээнд мэдээлэл цуглуулсан юм.


Дашрамд дуулгахад аймагт баригдах дулааны станц барих төслийн ажил нь техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дуусан, англи хэлээр бүрэн орчуулсан байна. Өнөөдрийн байдлаар Эрчим хүчний яаман дээр монгол хэлээр орчуулж байгаа ба ойрын өдрүүдэд дуусна гэдгийг дээрх төслийн багийнхан хэлж байна.  

Холбоотой мэдээ