Д.Цогтбаатар сайд Энхтайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарайг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-22 08:36:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Монгол дахь Энхтайвны корпусын Орон хариуцсан захирлын албанд шинээр томилогдсон хатагтай Ким Мансарайг хүлээн авч уулзав.


Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улсын нийгмийн хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулж ирснийг сайшаан тэмдэглэж, Монголын залуусын англи хэл сурах сонирхлыг хөхиүлэн дэмжихэд Энхтайвны корпусын сайн дурынхны дэмжлэг туслалцаа чухал үүрэгтэй болохыг онцлов. Тэрээр энэ зорилтын хүрээнд сайн дурынхны тоог нэмэгдүүлж, дунд сургуулиудад сайн дурын англи хэлний багш нарыг ажилуулах сонирхолтой байгаагаа нотлов.


Хатагтай К.Мансарай Монголд ажиллах болсондоо сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, Монгол Улс сайн дурынхны үйл ажиллагааг ямагт дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.  Түүнчлэн Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан сайн дурын ажилтнууд үргэлж сайхан дурсамжтай байдаг бөгөөд Монголд дахин ирж ажиллах сонирхолтой байдгийг онцлон ярив.


Сайд Д.Цогтбаатар Энхтайвны корпусын захирал доктор Ж.Олсенийг Монгол Улсад айлчлахыг урьж урилгыг гардуулав.

Холбоотой мэдээ