Байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсгийг татвараас чөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-21 21:06:49

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд галт зэвсгийн бүртгэл судалгааг шинэчлэх зорилгоор  ээлжит тооллогыг явуулж байна.

Бүртгэл тооллогыг жил бүр явуулдаг бөгөөд Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох  журам/-ын дагуу зохион байгуулдаг ажээ. Тооллогоор аймгийн хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд буй галт зэвсгийг нэг бүрчлэн тоолж бүртгэлийг шинэчлэх юм. Энэ ажил нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, алдагдаж,  эрэн сурвалжлагдсан галт зэвсгийг олж илрүүлэхэд дэмжлэг болдог аж. Сонирхуулахад 2017 онд нийт 2781 галт зэвсэг аймгийн хэмжээнд бүртгэгджээ. Өнгөрсөн жил тоологдсон дээрх галт зэвсгүүдийг нэг бүрчлэн нүдээр үзэж бүртгэж тоолох үйл ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа болон цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаанд хамрагдаагүй, цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүй галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа бол Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ахлах байцаагчид хандаж, зөрчлөө засуулахыг аймгийн Цагдаагийн газраас зөвлөв. Галт зэвсгийн албан татварын тухай хуульд галт зэвсгийн төрлөөс хамаарч өөр, өөр татвар төлөхөөр заажээ. Хэрэв таны эзэмшиж буй галт зэвсэг нь үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай бол 15 мянган төгрөг, ан, агнуур, харуул хамгаалалттын зориулалттай 6.4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг бол 30 мянган төгрөг, 6.5 түүнээс дээш мм-ийн калибрын галт зэвсэг бол 60 мянган төгрөгийн татвар төлөх ажээ. Мөн музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон, байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсгүүдийг албан татвараас чөлөөлнө гэж заажээ.

Холбоотой мэдээ