Гурван сумын сургуулийн дотуур байранд их засвар хийж дууслаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-22 12:41:18


Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкаар дамжин хэрэгждэг Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн шугамаар гурван сумын сургуулийн дотуур байрны их засварыг хийж дууслаа.

Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажлыг “Нэкст стандарт” компани 444,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Мөн Сагил сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажлыг “Баруун жонон” компани 275,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Өлгий сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажлыг “Тулгат багана” компани 407,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус хийж гүйцэтгэн улсын комисст өнгөрсөн долоо хоногт хүлээлгэж өглөө. Ингэснээр тус сургуулийн дотуур байрны хүүхдүүд байрандаа орох боломжтой болжээ.


Дээрх төслийн хүрээнд Увс аймагт энэ жил зургаан сумын сургуулийн дотуур байрны засварын ажил хийхээс ийн гурав нь дууссан бол одоо Тэс, Бөхмөрөн, Тариалан сумын сургуулийн дотуур байрны засвар ирэх сарын эхээр дуусч, ашиглалтад орох юм байна. Ийнхүү “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн шугамаар Увс аймгийн зургаан сумын сургуулийн дотуур байранд иж бүрэн засвар хийгдэж, хөдөөгийн малчдын хүүхдүүд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж эхэллээ.

 

 

Холбоотой мэдээ