Улаангомын бүүдгэр өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-21 15:39:20

  Увс /МОНЦАМЭ/. Увс нуур хөлдөж буйтай холбогдуулан аймгийн төв болох Улаангом суманд нуурын будан татаж бүрхэг бүүдгэр өдрүүд эхлээд байна. Увс нуур бүхэлдээ хөлдөх хүртэл буюу нэг сар гаруй хугацаанд энэ өдрүүд үргэлжилдэг юм.

Бараг өдөр бүр бага багаар цас орж байгаа бөгөөд энэ хэрээр Улаангомд замын халтиргаа гулгаа нэн ихээр нэмэгдэж байна. Аймгийн Онцгой байдлын газраас хол ойр зорчигчдод хандаж алсын замд гарахдаа анхаарал болгоомжтой байх, Увс, Хяргас, Айраг, Үүрэг нуурууд бүрэн хөлдөх хүртэл мөсөн дээгүүр явж зам товчлохгүй байхыг анхааруулж байна. Малчид, мал бүхий иргэд болон унаа тэрэгтэй хол ойр зорчигчид томоохон гол, нуурын усаар зорчихдоо мөс цөмрөхөөс болгоомжлох шаардлагатай байгаа аж.

Монголын хамгийн том нуур болох Увс нуур нь 11-р сараас эхлэн хөлдөж, улмаар шинэ оны 1-р сараас унаа машинтай хүмүүс дээгүүр нь товчлон явах бүрэн боломжтой болдог юм. Тухайлбал, Улаангом-Тэс сум хооронд зорчигчид нуур хөлдсөний дараагаар зам товчлон дээгүүр нь явснаар 160 км биш, 90 км яваад тус суманд очих боломжтой болдог. Ийнхүү жил бүрийн 1-р сараас эхлэн 4-р сар хүртэл Увс нууран дээгүүр Тэс сумынхан явж зам товчилдог юм. Хэдийгээр ачаа бараатай хүнд даацын автомашинууд хүртэл нууран дээгүүр явж зам товчлон заримдаа мөс цөмлөн сөн гүйлгэдэгч Увс нуур, Тэс голын хөндийгөөр өвлийн ид хүйтний үед хасах 50 хэмээс дээш гарч хүйтэрдэг тул нуурын мөс дорхноо бүтүүрдэг юм. Увс нууранд өвлийн ид хүйтний үед нэг метр гаруй зузаан мөсөн бүрхүүл тогтдог байна.

Холбоотой мэдээ