13 настай охины хөнөөсөн онц ноцтой хэргийн шүүх хурал хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-21 13:58:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэрцгийгээр хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд боллоо. Шүүх хурал дахин хойшлов. Учир нь шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй байна. Тэрбээр, "Эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэх учир Шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн бичиг ирүүлсэн аж. Харин шүүгчид өвчтэй гэх эмчийн бичиг хуурамч хэмээн үзэж өмгөөлөгчид нь торгуулийн арга хэмжээ авахаар шийдэв. Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15,7,2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй  гэж үзэн 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргав.Өнөөдрийн шүүх хуралд иргэний хариуцагчаар “Очир төв”-ийг дуудсан боловч бас ирээгүй байна. Шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан “Очир”  төв анх нийгэмд хамгийн буруу мэдээлэл түгээсэн байдаг. Тодруулбал, хэргийн үйл явдлыг буруугаар тайлбарласан, мэдүүлэг худал өгсөн, хохирогч охиныг согтуу орж ирсэн, хохирогчийг байнга үйлчлүүлдэг хэмээн нийгэмд түгээж нас барсан охины нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон, ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохирол учруулсан. Мөн тухайн хэрэг гардаг өдөр охин аврал эрж хашгирч байхад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй зэрэг шалтгаанаар бага насны хүүхдийг амиа алдахад хүргэсэн гэх үндэслэлээр татах байсан боловч шүүх хуралд ирээгүй аж. Шүүхийн танхимын гадна шийдвэрийг ажиглаж, бүтэн жилийн хугацаанд олон удаа хойшилж яллах дүгнэлтээ гаргахгүй байгааг эсэргүүцсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хүрэлцэн ирсэн байв. УИХ гишүүн О.Баасанхүү хохирогчийн аав Г.Лхагвасүрэнгийн хүсэлтээр шүүх хуралд ажиглагчаар оролцохоор ирсэн байсан ч түүнийг шүүх хуралд оруулах боломжгүй хэмээн үзжээ. Учир нь бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэргийн тухай шүүж байгаа учир нууцлах үүргийн хүрээнд түүнийг хуралд оруулсангүй. Мөн шүүх шийдвэрээ гаргахгүй байгааг эсэргүүцэн иргэд “Нүдээ нээ” хэмээн самбар барьж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал болов. “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөн дээрх хэргийн шүүх хуралд нийтдээ 8 удаа ирж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Мөн өнөөдөр ч бас ийнхүү шүүхийн шийдвэрийг хүлээж ийнхүү жагсав. Шүүхийн шийдвэрээр шүүх хурал энэ сарын 23-ны өдрийн 10 цагт болохоор хойшлов.

Холбоотой мэдээ