Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-21 12:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсөв баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэснийг ЕТГ-ын дарга З.Энхболд байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгч төсөвт хориг тавихдаа Засгийн газартай санал солилцсон эсэхийг С.Эрдэнэ гишүүн тодрууллаа.

Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. Энэ үедээ ирэх оны төсөвт тусгах өөрийн саналыг танилцуулж, улмаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн гэдгийг З.Энхболд дарга хэллээ.

Тэрбээр, “Төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үед Засгийн газар хуралдаж, МАА-н түүхий эд боловсруулах үйлдвэр барих нь зөв гэдэгт санал нэгдсэн. Улмаар төсөв баталсаны дараа хориг тавьж, түүнийг хүлээн авч засвар оруулах замаар асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Ерөнхийлөгч болон Засгийн газар харилцан ойлголцолд хүрсэн” хэмээв.

Мөн гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийллээ. 2019 он гарахад цөөн хоног үлдээд байгаа энэ үед хоригийг хүлээн авах нь улс орны эдийн засагт санхүүгийн гацаа үүсч, төрийн алба хаагчид цалингүй болж, ихэнх байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болно хэмээн тайлбарлав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ