Кабулд амиа золиослогч этгээд олон арван хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-21 09:46:06

КАБУЛ. /BBC/. Афганистаны нийслэл Кабул хотын гэрлэх ёслолын “Уранус” танхимд зөнч Мухаммедийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр цугласан 1000 гаруй хүний дунд амиа золиослогч этгээд тэсрэг бөмбөг дэлбэлсний улмаас 50 хүн амь үрэгдэж, 83 хүн шархадсан байна.


Сүүлийн хэдэн сард Кабулд үйлдсэн хамгийн аймшигт халдлагуудын нэг энэ болсон бөгөөд уг дэлбэлэлтийг үйлдсэн талаар аль нэг бүлэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.


“Лалын улс” болон “Талибан” бүлэглэл нь Афганистанд удаа дараа террорист халдлага үйлддэг боловч “Талибан” бүлэглэлийн зүгээс дээрх халдлагыг зэмлэн буруушаагаад, тэдний босогчдыг оролцсон гэх мэдээллийг үгүйсгэжээ.


Хэргийн газраас ирсэн гэрэл зургаас үзэхэд, цусны толботой урагдсан хувцаснууд хийгээд хагарсан шил болон сүйдсэн тавилгууд харагдаж байсан аж.


Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани уг халдлагыг “уучлашгүй гэмт хэрэг” хэмээн зэмлэн буруушаагаад, өнөөдөр буюу лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ. 

Холбоотой мэдээ