Их Британийн иргэн нийслэлийн Засаг даргын талархал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-20 19:20:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүүхдүүдэд тусалж буй Их Британийн иргэн Жакулин Прайсд нийслэлийн Засаг даргын талархлыг өнөөдөр гардууллаа.

Жакулин Прайс нь одоо 74 настай бөгөөд Кристина Нобл”-ийн хүүхдийн сангаар дамжуулан Улаанбаатар хотын 7 дүүрэг, тэр дундаа  Сонгинохайрхан дүүргийн нэн эмзэг бүлгийн, эрүүл мэндийн асуудалтай, гэмт хэрэгт өртсөн зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 18 дахь жилдээ хөрөнгө босгон илгээдэг ба нийт 100 гаруй хүүхдүүдэд сар бүр тогтмол мөнгөн тусламж үзүүлэн, нэг хүүхдийг дунджаар 10 жил орчим ивээн тэтгэн, бусад энэрэнгүй хүмүүст Монгол хүүхдүүдэд туслахыг санал болгож ажилладаг хүмүүнлэг үйлстэн юм.

Түүнчлэн жилд дунджаар 1000 орчим хүүхэд энэ хүний санаачлан цуглуулж хандивласан дулаан нэхмэл цамц, малгай, ороолт зэрэг дулаан хувцсаар хангагддагаас гадна, ховор өвчтэй, Монголдоо эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй хүүхдүүдэд туслан гадаадын томоохон эмнэлгүүдэд хандаж үнэгүй эмчилгээ авах, замын зардлыг нь төлж өгөх зэрэг маш олон ажлуудыг санаачлан хийж хүүхдэд нэн шаардлагатай витаминууд, эм тариа, түлэнхийн тос зэрэг Монголын нэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй бүхнийг олж илгээх зэрэг ажлуудыг зохион байгуулж тусалдаг хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг хүмүүнлэгийн бахархал болсон хүн билээ.

Түүний энэхүү хүмүүнлэг үйлсийг үнэлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Талархал” илгээснийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-өлзий нар гардуулан өгч талархал илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ