Мэдлэгээр бус хандлагаар бүхнийг өөрчилж чаддаг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 07:59:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон улсад мэдлэг юуг ч өөрчилдөггүй. Харин хандлагаар бүхнийг өөрчилж чаддаг хэмээн үздэг байна. Сэтгэл судлаач Д.Өлзийсайхан багшийн сургалтад хамрагдсан хүүхэд залуусын хувьд шинэ боловсрол мэдлэг олж авсандаа баяртай байлаа. Магадгүй тэдний хувьд чин сэтгэлээсээ дотно ярилцахын давуу талыг анх удаа эндээс олж мэдсэн байж болох юм.

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй “Үзэсгэлэнт сэтгэл” ТББ-аас санаачилж сэтгэл зүйн мэдлэг түгээх сургалтыг Сүхбаатар сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд явууллаа.

Даяаршиж байгаа энэ нийгэмд бид өнөөдөр насны ялгаа зааггүйгээр амьдралын түмэн саад бэрхшээлүүдтэй өдөр тутамдаа тулгарч байгаа нь нууц биш юм. Харин энэ байдлаас гарах хамгийн энгийн бөгөөд оновчтой арга нь аав ээж, ах дүү, найз нөхөд, тэр ч бүү хэл хэн нэгэн итгэсэн хүнтэйгээ чин сэтгээлээсээ ярилцаж бухимдал, стрессээ арилгах нь юу юунаас чухал гэдгийг сэтгэл зүйч багш лекцээрээ дамжуулж ойлгуулахыг зорьжээ.

 “Үзэсгэлэнт сэтгэл” ТББ-ын бүсгүйчүүд орон нутгийнхаа хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд анхаарч ийнхүү хоёр дахь жилдээ сэтгэл зүйч багш урьж харилцаа хандлага ёс, зүйн мэдлэг олгоход хувь нэмрээ оруулан ажиллалаа. 

Холбоотой мэдээ