Цэвэрлэгч роботыг олон нийтэд танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-11-20 17:31:50

ТОКИО. /NHK/. Японы эдийн засагт томоохон сорилтыг бий болгох ажиллах хүчний хомсдолд хувь нэмрээ оруулах зорилгоор “Softbank” компани цэвэрлэгч роботыг олон нийтэд танилцуулав.


Уг шинэ бүтээгдэхүүнд АНУ-ын фирмийн хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг суурилуулсан бөгөөд үүний санах ойд цэвэрлэх зам чиглэлүүдийг суулгаж өгөх ажээ. Харин мэдрэгчийн тусламжтайгаар замдаа тааралдсан биетүүдээс зайлсхийх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Робот бүтэн цэнэгээрээ гурван цагийн турш 1500 хавтгай дөрвөлжин метр талбайг цэвэрлэх хүчин чадалтай юм.


Компанийн захирал Фумихидэ Томизавагийн мэдээлснээр, цэвэрлэгээний салбар ажиллах хүчний хомсдолд ороод байгаа энэ үед бидний бүтээсэн робот ихээхэн хэрэгцээтэй бөгөөд өглөө болон шөнийн цагаар ажиллуулахад тохиромжтойг онцлон тэмдэглэсэн аж.


Softbank” компани ирэх 2019 оны хоёрдугаар сараас эхлэн роботыг түрээслэх хүсэлтийг хүлээн авч эхлэх бөгөөд сарын төлбөр нь 220 орчим ам.доллар байх гэнэ. 

Холбоотой мэдээ