Бензиний үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн автомашинтай жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-21 08:02:08


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос санаачилж бензиний үнийг буулгахыг шаардан автомашинтай эсэргүүцлийг жагсаалыг 11 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа. Эсэргүүцлийн жагсаалд 100 орчим автомашинтай иргэд оролцож, хуучин нисэх буудлын зогсоолоос Улаангом хотын төв гудамж дагуу жагсаалаар явж дуут дохиогоо ажиллуулан эсэргүүцлээ илэрхийлэв.

Зохион байгуулагчдын зүгээс жагсаалд оролцох сонирхолтой жолооч нарт бичиг баримтын зөрчилгүй, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй байхыг сануулж байсан бөгөөд замын цагдаа нар хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Хэдийгээр цас их орж замын халтиргаа гулгаа их байгаа ч энэхүү жагсаалд сайн дураараа оролцох сонирхолтой жолооч нар олон байсан бөгөөд цуваа ар араасаа нэмэгдсээр байсан юм.


Одоогоор ШТС-ууд Увс аймагт А92 бензин 2195 төгрөг, А-80 бензин 2065 төгрөг, дизель түлш 2475 төгрөгөөр литр тутмыг худалдаалж байна. Хоёр хоногийн өмнө бензин шатахууны үнийг буулгасан бөгөөд А 80 бензин болон дизель түлш тус бүр тавхан төгрөгөөр, харин А92 бензин 55 төгрөгөөр литр тутам нь тус тус буурсан аж. 

Холбоотой мэдээ