“Азийн хаалга-2018”-д ОХУ-ын 30-аад компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-20 16:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад жил бүр болдог ОХУ-ын ХАА, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний “Азийн хаалга-2018” (Ворота в Азию) үзэсгэлэнд энэ удаа Эрхүү мужаас 30-аад компанийн төлөөлөл оролцож байна.

Монгол-ОХУ-ын үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилго бүхий “Азийн хаалга” үзэсгэлэн 29 дэх удаагаа болж буйг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав онцлоод, “Энэ бол урт хугацааны үргэлжлэл. Гэхдээ өнгөрсөн хугацаанд уул уурхай ХАА-н салбарт хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник технологи нийлүүлэлт өсч үзэсгэлэнгийн үр дүнд их өөрчлөлтүүд гарсан. ОХУ-аас олон ААН Монголд орж ирэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо бид өргөжүүлэх хэрэгтэй байна” гэв.


Нээлтэд оролцсон ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газын дарга Ц.Болорчулуун, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-тай ХАА-н зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх талаар Оросын 7-8 үйлдвэртэй хамтран ажилласнаар манай газар тариалангийн компани, ААН-үүд 30-аад комбайн, үрлэгч зэргийг авч өнгөрсөн жил 7 сая, энэ жил 10 сая, нийтдээ 17 сая ам.долларын техникийн шинэчлэл хийгээд байгаа”-г тэмдэглэж байв.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагч Эрхүү хотын “Бизнес Контакт” компанийн захирал А.А.Сидоров энэ удаагийн арга хэмжээг дэмжин ажиллаж буй ОХУ-ын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, Эрхүү мужийн захиргаанд талархал илэрхийлээд Монголд ирсэн Эрхүү мужийн бизнесийн төлөөллийг танилцуулсан юм. Энэ удаагийн үзэсгэлэнд монголчуудын танил чихэр шоколадны “Амта” үйлдвэр, загасны махан бүтээгдэхүүний “ИП Шарпинская”, био бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний "НПО Арго эм”, “Эм-курунга”, барилгын материалын “Волна” зэрэг компанийн төлөөлөл бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулав. Эрхүү хотын хүнсний үйлдвэрлэлийн "Окинский" компани Монголын зах зээлд сүүлийн 10 жил тасралтгүй өндөг нийлүүлж байна. 


Нээлтэд Монголын талаас Найрамдлын нийгэмлэгүүдийн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, ОХУ-ын талаас Эрхүү мужийн ХАА-н дэд сайд В.О.Козин, Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев нар оролцлоо. Энэ үеэр Эрхүү мужийн Тулунск дүүргийн захирагч М.И.Гилдебрант Монголд ХАА, уул уурхайн салбарт хамтран ажиллахаар ирснээ хэлж 100 мянган тонн буудай нийлүүлэхэд бэлэн буйг уламжлав.

 “Азийн хаалга” (Ворота в Азию) үзэсгэлэн 11-р сарын 20-23-ны өдөр үргэлжилж, маргаашнаас “Монгол-Оросын ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр бизнес уулзалтууд болно.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ