Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцинаар дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-11-20 16:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр “Blue Sky” зочид буудалд Монгол Улсын Дархлаажуулалтын зөвлөх хороо /ДЗХ/-ны хурал болж Дархлаажуулалтад нэвтрүүлэх халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг тарих товлол, амьд вакцины төрөх тунг хасах үндэслэлийг ЭМЯ танилцуулав.

Халдварт саа өвчин нь дархлаажуулалт нэвтрэхээс өмнө дэлхий дахинд өргөн тархсан бөгөөд уг өвчнийг дэлхий даяар устгах хөтөлбөр хэрэгжүүлж вакциныг 1988 оноос тогтвортой хэрэглэж эхэлснээр 2015 он гэхэд өвчлөлийг 99 хувь бууруулж, зөвхөн хоёр улсад /Афганистан, Пакистан/ өвчлөл нутагшмал хэвээр үлджээ. Манай улсад анх тахал дэгдэлт 1962-1963 онд бүртгэгдэж, 1965 оноос халдварт саагийн эсрэг уудаг /амьд/ үрлэн вакциныг товлолын дархлаажуулалтад нэвтрүүлсэн ба 1966 оноос өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж байсан юм. 1982-1983 онд сүүлчийн тахалт дэгдэлт бүртгэгдэж, дархлаажуулах өндөр идэвхтэй шингэн вакциныг нэвтрүүлсэн.

Полиомеилитийн сүүлчийн тохиолдол 1993 онд бүртгэгдэн 2000 онд ДЭМБ-аас халдварт саа /Полиомеилит/ өвчнийг устгасан гэрчилгээг хүлээн авч өнөөг хүртэл өвчнийг устгасан байдлаа хадгалсаар байгаа. Халдварт саагийн эсрэг товлолын дархлаажуулалтын хамралт улсын хэмжээнд 2001 оноос хойш 95 хувиас дээш байна. Энэ удаагийн хурлаар идэвхгүйжүүлсэн тарьдаг вакциныг 2019 оноос хэрэглэж эхлэхийг дэмжсэн шийдвэр гаргав.




Энэ үеэр Монгол Улс дахь умайн хүзүүний өмөнгийн өнөөгийн байдлыг ХСҮТ-өөс танилцууллаа. ДЭМБ-ын 2018 оны статистик мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 хүн уг өвчнөөр нас барж байна. Үүнээс умайн хүзүүний хорт хавдраар 570 мянга орчим эмэгтэй өвчилж, 54,5 хувь нь нас барж байгаа аж. Монголд энэ өвчлөл 100 мянган хүн амд 23,5 тохиолдол, нас баралт 10,2 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм.

Уг халдвараас сэргийлэхийн тулд хүний папилома вирусын эсрэг вакциныг нэвтрүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Иймд ДЗХ-ноос вакцин нэвтрүүлэх судалгаа тооцоог хийж, дахин танилцуулахыг зүйтэй гэж үзжээ.

ДЗХ нь 23 гишүүнтэй бөгөөд мэргэжлийн холбоодоос санал болгосон өрхийн эмч, тархвар судлаач, хүүхдийн эмч, халдвартын эмч, дархлаа судлаач, биотехнологич, вирус судлаач, микробиологич зэрэг мэргэжлийн хүмүүс болон Олон улсын байгууллагын төлөөлөл тус хороонд байдаг аж.    

Холбоотой мэдээ