Энэ өвлийг хальтирч гулгахгүй давахын тулд ОХУ-аас 1100 тонн бодис захиалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-20 16:45:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын хэмжээнд одоогоор авто замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх 1900 гаруй тонн давс, 1465 тонн тусгай зориулалтын бодис байна.

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан Хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс замын хальтиргаа гулгаанд зориулан нөөцөлсөн давс, бодисын талаар тодруулав.

Тэрбээр “Энэ оны 5 дугаар сард дулааны шугам үйлчилгээг хаасны дараа НЗД-ын зөвлөл хуралдаж өнгөрсөн өвлийн алдаа дутагдлаа ярьж шаардлагатай арга хэмжээнүүдийг тухайн үед нь хэлэлцэж бэлтгэл ажлаа хангадаг. Хальтиргаа гулгааг арилгахад зориулсан нөөцөө бэлтгэж дууссан. Одоогийн байдлаар нийслэлийн дүүргүүдийн хот тохижилт, энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагын хэмжээнд 1465 тонн тусгай зориулалтын бодис бий. Мөн ОХУ-аас 1100 тонн тусгай зориулалтын бодис захиалсан. Өчигдөр галт тэргээр 200 гаруй тонн нь түрүүчээсээ ирээд байна” гэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав "Улаанбаатар хотод нийт 500 орчим км зам байдгаас зөвхөн 156.7 км замыг л манай хамт олон хариуцаж ажилладаг. Нийслэлд жилд хэвийн цас орж буй нь 12-17 удаагийн давтамжтай. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод бага хэмжээтэй нийт 30 гаруй удаа цас орсон. Бид сүүлийн үеийн давс, бодисын хэмжээ, замын өргөтгөл шинэчлэлийг судалсан. Замын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Зөвхөн манай хот тохижилтын газарт л гэхэд жилдээ 1200-1500 тонн давс, бодисын нөөц шаардлагатай. Бид нэлээд гамтай, гэхдээ цасаа хайлуулах хэмжээний цацахад нэг удаагийн цаснаар 130 орчим тонн бодис цацдаг" гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын нийт 77 машин техник өвлийн ажил гүйцэтгэхэд бэлэн байгаа аж. Мөн шаардлагатай багаж хэрэгсэл болох цохиур 125 ширхэг, бичил төхөөрөмж 15 ширхэг, цасны хусуур-123 ширхэгийг засварлаж бэлтгэжээ.

Холбоотой мэдээ