Ханги хилийн боомт эрчим хүчтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 14:52:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомт эрчим хүчтэй болжээ.  Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бугат хотын хөрөнгө оруулалтаар суурьшлын бүсийг импортын цахилгаан эрчим хүчээр хангахаар талууд тохиролцсоноор 10 дугаар сараас эхлэн Ханги хилийн боомт эрчим хүч хэрэглэж буй.

Хоёр талын гэрээгээр дээрх шугам, станц нь Монгол Улсын өмч болох бөгөөд цаашид эрчим хүчний засвар үйлчилгээг БНЗӨБЦТС ТӨХК-ийн Дорноговь аймаг дахь салбар хариуцан ажиллах аж.  Дээрх ажлыг аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Ханги хилийн боомтын цогцолборын бүтээн байгуулалт, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр барих, үйлчилгээг өргөжүүлэх төсөл хөтөлбөрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн байна.

Одоогоор Хатанбулаг сум дахь Хангийн боомтыг өргөтгөх, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, суурьшлын бүсэд Ханги тосгоныг эмхлэн байгуулах чиглэлээр тосгоны Захирагчийн Ажлын албыг байгуулсан бол хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Аянчин отог” ХХК  боомтын ойролцоо аялал жуулчлалын томоохон баазыг байгуулаад байна.

Холбоотой мэдээ