Ван И: АПЕК-ийн уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөсөн нь санамсаргүй зүйл биш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 13:46:56
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Reuters/. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаагүй нь зарим нэг орон хамгаалалтын бодлогоо зөвтгөж, өөрсдийн үзэл бодлоо бусдад тулгах гэж оролдсонтой холбоотой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгджээ.


АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны улмаас Порт Моресби хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсон гэж хэлэхэд болно. Учир нь хоёр орны маргаанаас болж тус дээд хэмжээний уулзалт анх удаа хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөсөн юм.


“Хамтарсан мэдэгдэл гаргаагүй нь санамсаргүй зүйл байгаагүй. Зарим нэг орон өөрийн санал бодлоо тулгаж, хамгаалалтын болон нэг талыг баримталсан бодлогоо зөвтгөсөн. Энэ нь БНХАУ болон бусад орны хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл байсан. Мөн эл үйлдэл нь бусад орны дургүйцлийг хүргэсний зэрэгцээ АПЕК-ийн зөвшилцөх зарчимтай нийцээгүй юм” гэж БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэнийг тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлжээ.

Холбоотой мэдээ