Израиль улс төрийн хямралыг даван туулсан гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-20 13:01:20
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израильд үүсээд байсан улс төрийн хямралыг даван туулсан бөгөөд Засгийн газрын эвсэл бүрэн эрхийнх нь хугацаа 2019 оны 11 дүгээр сард дуусах хүртэл тарахгүй. Ийм мэдэгдлийг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт эрх баригч “Ликуд” намын парламент дахь бүлгийн хурлын үеэр мэдэгдсэн тухай “Kan” төрийн радиогоор мэдээлжээ.

“Эвсэлд орсон намуудын тэргүүн нартай сүүлийн өдрүүдэд ярилцаж, зөвлөлдлөө. Миний гаргасан хүчин чармайлт үр дүнгээ өгсөнд баяртай байна. Сонгууль явуулахад бидэнд нэг жилийн хугацаа байгаа бөгөөд энэ хугацаанд бид маш их зүйлийг хийх ёстой” гэж Нетаньяху хэлсэн байна. “Үүний сацуу, цаашид хамтран ажиллахын тулд бидэнд эвслийн сахилга бат зайлшгүй шаардлагатай” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Израилийн Боловсролын сайд бөгөөд “Еврейн ордон” намын дарга Нафтали Беннет Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэж, эвслийг хадгалж үлдэхийн тулд улс төрийн бүх шаардлагаа хүчингүй болгосноо даваа гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Батлан хамгаалахын сайдыг томилохыг Нетаньяхугаас шаарджээ. Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман 11 дүгээр сарын 14-нд Нетаньяхугийн Газын зурвасын талаар явуулж буй бодлоготой санал зөрөлдсөний улмаас огцорсон байна. Тэрбээр Нетаньяхуг хэт зөөлөн бодлого явуулж байна гэж үзэж байгаа аж. Нетаньяху ням гарагт өөрийгөө Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилсон бол даваа гарагийн өглөө “Еврейн ордон” нам эвслээс гарсан ч улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэсээр байх болно гэж амлажээ.

Израилийн одоогийн улс төрийн хямрал 11 дүгээр сарын 14-нд Либерман огцорч, парламентад таван суудалтай “Бидний гэр-Израиль” нам нь Засгийн газрын эвслийн бүрэлдэхүүнээс гарч буйг мэдэгдсэний дараа эхэлсэн юм.
Холбоотой мэдээ