“Nissan” компанийн тэргүүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-20 10:20:28
ТОКИО. /TASS/. “Nissan” болон “Renault” компанийн тэргүүн болох Карлос Гоныг Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн даваа гарагт баривчилсан тухай “Yomiuri” сонинд мэдээлжээ.

Карлос Гоныг татвараас зайлсхийхийн тулд төлбөр тооцооныхоо хэмжээг санаатайгаар буруу мэдээлсэн гэж сэжиглэж байгаа аж.

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани Карлос Гоныг хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай тус улсын хэвлэлүүд урьд нь мэдээлсэн байна. Компанийн дотоод шалгалтаар Гоныг мөнгөн төлбөрийн хэмжээний талаарх мэдээллийг санаатайгаар багасгасныг болон компанийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсныг нотлох бичлэгийг олж илрүүлжээ. Гоныг хууль зөрчсөнийг цагдаа нар компани доторх мэдээлэгчээсээ олж мэдсэн байна.

“Nissan” компанийн захирлуудын зөвлөл удахгүй хуралдаж, Карлос Гон болон зөвлөлийн өөр нэг гишүүн Грег Келлийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Гоны хууль зөрчсөн үйл ажиллагаанд Грег Келли оролцсон аж.

Энэ дуулиан шуугиантай холбоотойгоор мягмар гарагт Токио хотын биржийн арилжаа эхлэхэд “Nissan” компанийн хувьцааны үнэ 6.25 хувиар буурч, 943 иенд хүрсэн нь энэ оны хамгийн доод ханш болсон байна.
Холбоотой мэдээ