АТГ-ын нэр барьж бусдаар дайлуулсан этгээдийг Цагдаагийнхан шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 21:19:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын нэр барьж бусдаар дайлуулж хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-г Орхон аймгийн цагдаагийн газарт саатуулан шалгав.

Түүний хууль бус үйлдлийг анх АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлснээр цагдаагийн байгууллагад хандсан байна. Орхон аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Б гэгч этгээдээс гэрчийн мэдүүлэг авахад, “Би АТГ-т ажилладаггүй. Тэнд ажилладаг гэж хэлвэл хүмүүс надтай арай өөрөөр харьцах байх гэж бодсон. Төрийн алба хаагчийн нэрийг барьж худал хэлж зочид буудалд орох, хоол авахуулж идэх зэргээр үйлчлүүлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.

Түүнийг цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлтэй 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ