Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөн барив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-19 17:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Тэрбээр, “Бид Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгах, иргэдийн амжиргааг дээшлүүлэх үүрэг хүлээсэн төрийн түшээд. Гэхдээ өнөөдөр МАН-ын даргын толгойлж буй энэхүү Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа иргэдээсээ хүлцэж үзэж байна. Бидэнд Монгол Улсын гэх ганцхан том эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү Засгийн газрыг огцруулах хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, ЖДҮХС-гаас  тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдэл бүхий хүмүүст нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгосон асуудлыг Ерөнхий сайд хамгаалж байна. Мөн Ерөнхий сайд нь Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсон тухайгаа УИХ-ын чуулган болон бусад хурал, цуглаан дээр илэрхийлж, иргэдийг жагсаалд уриалах зэрэг буруу үйлдэл гаргасан. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд гадаадын иргэнд лиценз дамлан зарсан, өөрийн төрсөн дүүдээ төсвийн хөрөнгө шилжүүлсэн сайд нарт хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн оффшор бүсэд хөрөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг эх оронд эгүүлэн авч ирэх чиглэлд Засгийн газар тодорхой алхам хийгээгүй. Түүнчлэн төрийн албан хаагч ажлын байран дээрээ амиа алдсан, гадаадын тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхам хийхгүй байгаа зэрэг нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байгаа юм” гэлээ.

Холбоотой мэдээ