“Талибан” бүлэглэлтэй ирэх онд найрамдлын гэрээ байгуулна хэмээн найдаж байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-11-19 16:46:34

ВАШИНГТОН. /NHK/. Ирэх 2019 оны дөрөвдүгээр сард багтаан террорист “Талибан” бүлэглэлтэй найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байна гэж Афганистан дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдэгдэв.


З.Халилзад босогчдын бүлгийн төлөөлөгчидтэй Катар хотод гурав хоногийн турш уулзсаны дараа энэхүү мэдэгдлийг хийжээ.


Кабул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр түүний мэдээлснээр, “Талибан” бүлэглэлийн босогчид болон афганчуудтай ирэх онд болох сонгуулийн өмнө найрамдлын хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа аж. Уг сонгууль нь дөрөвдүгээр сарын 20-нд болох юм.


Өнгөрсөн 10 дугаар сард Дональд Трампын засаг захиргааны төлөөлөгчид уг бүлэглэлтэй анхны уулзалтаа хийсэн юм. Уулзалтын үеэр удирдагчдын эсрэг тавьсан хоригийг цуцлах хийгээд шоронд хорьсон хүмүүсийг суллахыг террорист бүлэглэлийн төлөөлөгчид шаардсан ажээ. 


Associated Press” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал тэдний шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхөөр болсон аж. Үүний дагуу “Талибан” бүлгийн удирдах тушаалын зарим хүмүүсийг суллахыг Пакистаны талаас хүсч, тэднийг яриа хэлэлцээнд оруулахаар төлөвлөж байгаа ажээ.


Гэсэн хэдий ч өмнөх яриа хэлэлцээнээс үл хамааран террорист бүлгийн босогчид засгийн газрын хүчний эсрэг Афганистан даяарх халдлагаа үргэлжлүүлэн үйлдсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ