Түүхэн олдворуудыг нүүлгэн шилжүүлсэн хэргээр ТЕГ-т ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 16:31:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын иргэд өнөөдөр нэр бүхий хүмүүс археологийн үнэт олдворыг нууцаар нүүлгэн шилжүүлсэн хэргээр ТЕГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал, тус сумын нутагт байрлах “Централ эшиа майнинг” компанийн ашиглалтын лиценз эзэмшиж буй талбайд өнгөрсөн оны 5 дугаар сард Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очироор ахлуусан судалгааны баг археологийн хайгуул хийсэн байна. Хуулийн дагуу судалгаа хийсэн тайлангаа энэ оны 2 дугаар сард багтаан өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл Улсын бүртгэл, мэдээллийн санд мэдээлэл байхгүй байгааг Заг сумын иргэн Д.Туяа хэлж байв. Тэрбээр, "Үүний дараа МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн З.Батсайханаар ахлуулсан баг эл газарт малтлага хийж үнэт дурсгалын зүйл, хиргэсүүр зэрэг олдворуудыг гарган авч, нүүлгэн шилжүүлсэн. Хуулийн дагуу археологийн олдворыг орон нутгийн холбогдох байгууллагад 30 хоногийн дотор тайлагнах ёстой. Гэтэл Мэргэжлийн байгууллагууд нь хяналт тавиагүй, хичнээн тооны ямар үнэт өвийг нүүлгэн шилжүүлсэн нь тодорхойгүй. Археологийн судалгаагаар олон тооны үнэт өв олдсон бол БСШУСЯ-ны саналаар ашиглалтын лицензийг цуцлах ёстой. Гэтэл “Централ эшиа майнинг” компани түүхийн үнэт олдвор, хиргэсүүрийг нууцаар малтах боломж олгож эл хэрэгт Засгийн газрын зарим гишүүн, БСШУСЯ, УУХҮЯ, МХЕГ-ын зарим албан тушаалтнууд үгсэн хууль бус ажиллагаа явуулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа" гэлээ.

Тус сумын иргэдийн төлөөлөл дээрх хэрэгт Ерөнхий сайдыг анхаарал хандуулж, хууль хяналтын байгууллага шалгаж өгөхийг хүслээ.

Холбоотой мэдээ