Согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүд камергүй байсан зөрчил ихээр илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-19 16:46:04


   Увс /МОНЦАМЭ/. Согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийтлэг  зөрчлийг арилгах зорилгоор аймгийн ЗДТГ-аас Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр хамгийн их түгээмэл ажиглагдсан зөрчил нь гадна дотно камержуулалтгүй, камержуулалт суурилуулсан ч түүнийгээ ашигладаггүй, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хангалтгүй, иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй, цахим кассын машин суурилуулаагүй гэх мэт зөрчлүүд илэрсэн байна. Энэ хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өгч, зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал ч яригдаж байна.

Улаангом суманд согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 29 аж ахуйн нэгж болон Баруунтуруун, Цагаанхайрхан сумдын 16 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна. Тухайлбал, архи согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуйн нэгжүүд, худалдаа үйлчилгээний газрууд гадна болон дотно орчиндоо хяналтын камертай байх, мэдээллийн самбар байршуулах, цаг хэтрүүлэхгүй байх гээд хэд хэдэн шаардлага хангах ёстой. Энэхүү хяналт шалгалтын үеэр дээрх зөрчлүүд ажиглагдсан тул зарим аж ахуйн нэгжүүд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар боллоо.

Увс аймагт согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг худалдаа, үйчилгээний газрын тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнийг дагаад хүн амын дунд архины хэрэглээ нэмэгдэх, согтууруулах ундааг дагасан бизнес цэцэглэн хөгжих магадлалтай байгаа тул аль болох тусгай зөвшөөрлийг багасгах, шаардлагыг нь өндөрсгөх хэрэгтэй байгаа юм” хэмээн аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Наранмандах хэллээ.

 

 

Холбоотой мэдээ