Леброн Жеймс өнөөдөр 51 оноо авснаар Аллен Айверсоны амжилтыг давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-19 15:34:22
twitter.com/Nyamkanmk

ЛОС-АНЖЕЛЕС. /lakersnation/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос-Анжелес Лейкерс” болон “Майами Хит” багийн тоглолт өнөөдөр болж ,“Лос-Анжелес Лейкерс” баг өрсөлдөгчөө 113:97 харьцаатайгаар буулган авчээ. Энэ тоглолтод “Хаан" хочит Леброн Жеймс 51 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлжээ.


Энэ тоглолтыг оролцуулаад Леброн Жеймс нийт карьерийнхаа туршид 12 тоглолтод 50-иас дээш оноог авчээ. Ингэснээр тэрбээр Аллен Айверсоныг гүйцэж, бүх цаг үед хамгийн олон удаа 50 оноо авсан зургаа дахь тоглогчоор тодорлоо.


Түүний урд Уилт Чэмбэрлэйн 118 удаа, Майкл Жордан 31, Коби Брайант 25, Элжин Бэйлор 17, Рик Бэрри 14 удаа 50-иас дээш оноо авсан амжилттай жагсч байна.


Үүнээс гадна Леброн Жеймс энэ улиралд 2 удаа нэг тоглолтод 40-өөс дээш оноо авсан амжилтыг үзүүлжээ. Ингэснээр тэрбээр 16 болон түүнээс хойших улиралдаа нэг тоглолтод 40 дээш оноог хоёр ба түүнээс илүү олон удаа авсан АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх гурав дахь тоглогч болж байна. 


Ѳмнѳ нь Коби Брайант 2012-13 оны улиралд 8 удаа, мѳн 2011-12 оны улиралд 5 удаа, Карийм Абдул- Жаббар 1985-86 оны улиралд 3 удаа 40-өөс дээш оноог авч байжээ. Энэ хоёр тоглогч энэхүү амжилтаа Лейкерс багийн бүрэлдэхүүнд байхдаа тогтоосон юм.


Дашрамд дурдахад “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогчдоос хамгийн сүүлд 50-иас дээш оноог алдарт Коби Брайнт авсан бөгөөд энэ нь 949 ѳдрийн ѳмнѳ тохиож байжээ. Тухайн өдөр Коби Брайант замналынхаа сүүлийн тоглолтыг хийсэн юм. Тухайн үеэс хойших тус багийн хамгийн анхны 50-иас дээш оноог ѳнѳѳдѳр Леброн Жэймс авлаа.

Холбоотой мэдээ