Б.Батдэлгэр: ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардан жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 14:35:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас  өнөөдөр ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эргэн төлүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулахаа сэтгүүлчдэд мэдээлэв.


Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн Б.Батдэлгэр, “Сүүлийн үед ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй өнгөрөх хуулийн цоорхой байгаа талаар хэвлэл мэдээлэл, цахим орчноор тархаж байна. Энэ бол ор үндэсгүй. Учир нь ЖДҮ-ийн тухай хуулийн 5,6 дугаар зүйлд 200 ажилтантай, жилийн 1.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-ийг ХХААХҮЯ-наас шалгаруулна гэж заасан байдаг. Харин УИХ, ЗГ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас зээл авсан хамаарал бүхий компаниуд энэхүү болзлыг давж байна. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээхийг шаардан жагсаал цуглаан хийхээр НЗД-аас зөвшөөрөл хүссэн.

Хүсэлтийг хүлээн авсан тул энэ сарын 25-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд дараах 5 шаардлагыг тавьж жагсахаар боллоо.Үүнд:
  • ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох газрууд нь хариуцлага тооцох
  • Мэдээллийн давуу байдлаа ашиглан авсан зээлээ төрийн өндөр албан тушаалтнууд яаралтай эргэн төлөх
  • Сангийн яамнаас ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах
  • Тус сангаас зээл олгох төсөл шалгаруулалтыг ил тод, олон нийтэд танилцуулах
  • Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг УИХ яаралтай хэлэлцэхийг шаардана гэлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас хамтын ажиллагаатай ААН, ЖДҮ эрхлэгчдэд жагсаал цуглаанд дэмжин оролцохыг уриалж байгаагаа ч хэллээ. Мөн Капитал банкны нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Хуулиараа сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон байдаг. ЖДҮХС-гаас банк, ББСБ-д зээл олгохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн тэрбээр хэлэв.  

Холбоотой мэдээ