Б.Лхагвасүрэн: Цахим мөнгөний хэрэгсэл гаргахад баталгааны данс заавал байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-19 14:29:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас санаачилан УИХ-аас батлан гаргаж энэ оноос эхлэн хэрэгжиж буй Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу шинэчлэн байгуулсан Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр болж, төлбөрийн системд нэвтэрч буй шинэ технологийн талаар танилцууллаа.

Монгол Улс дахь Үндэсний төлбөрийн системд өмнө нь зөвхөн арилжааны банкууд оролцож байсан бол шинэ хууль гарснаар санхүүгийн бусад байгууллагууд болох финтек компани болон ББСБ-ууд оролцох эрхзүйн орчин бүрдэж үүнтэй уялдуулж банк, санхүүгийн холбогдох дүрэм, журам шинэчлэгдснийг өнөөдөр хуралдаанд оролцогч банк, санхүү, үнэт цаас, арилжааны байгууллагуудад танилцууллаа. Шинэ хуулийн хүрээнд манай улсад цахим мөнгө гаргах боломж бүрдэж нээгдсэн. Энэ талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Өнөөдрийн байдлаар үндэсний төлбөрийн системд “Мобифинанс” ББСБ-аас гаргасан “candy” цахим мөнгө үйлчилж байгаа. Үүнтэй адил нарийн зохицуулалт бүхий шаардлага, нөхцлийг хангасан цахим мөнгөний шинжийг агуулсан хэрэгслүүд Монголд олон бий. Энэ талаар Монголбанкинд хүсэлт ирж байна. Монголын анхны цахим мөнгө “Сandy”-гийн хувьд “Мобиком” операторын шугамаар өмнө нь манайхан бонус нэгж маягаар ашиглаж хэрэглээд мэддэг болсон. Одоо цахим мөнгө болж төлбөрийн системд хүлээн зөвшөөрөгдөөд явж байна. “Сandy”-тэй хүн түүнийгээ төгрөг болгож болно, төгрөгтэй хүн эргээд “Сandy” буюу цахим мөнгө болгож болно. Эхний ээлжинд ийм маягаар явж байна. Дараагийн ээлжинд “Сandy”-г худалдаа, үйлчилгээний цэгүүдэд хүлээн зөвшөөрөх байдлаар хүлээн авч төлбөр тооцоонд ашиглаж болох үйл ажиллагаа явж байна. Жишээ нь, 100 төгрөгийн бараа, үйлчилгээг 100 “Сandy”-тэй адилаар хүлээн авч болох байдлаар хэрэглэж болох юм. Ийм маягаар одоо тодорхой хязгаарлагдмал хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэж эхэлж хэвшиж байна.


Цахим мөнгөний хэрэгслийн шаардлага гэвэл хуулиар цахим мөнгө болж буй хэрэгсэл маань төгрөгтэй нэг нэгээр харьцахаар хууль дүрэм журамд тусгаж өгсөн байгаа. Хоёрт, тэр хэрэгсэл маань баталгаатай байх ёстойг мөн заасан. Нэг үгээр дээр хэлсэнчлэн 100 сая “Сandy” байлаа гэхэд тэр нь 100 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр баталгаатай байх ёстой. Хэрэв ийм хэмжээний мөнгийг арилжааны банк гаргалаа гэхэд тэр баталгааны данс нь Монголбанкин дээр байх юм. Хэрэв ББСБ зэрэг ААН тийм хэмжээний мөнгө гаргалаа гэхэд баталгааны данс нь арилжааны аль нэг банкин дээр байх ёстой юм. Энэ бол цахим мөнгөний хэрэгсэл гаргахын нэг гол шаардлага юм” гэдгийг онцоллоо.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ