Ховдод хонин толгойд шилжүүлснээр 5,7 сая мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-19 11:33:01

Ховд/МОНЦАМЭ/ 2018-2019 оны өвөл Ховд аймагт нийт 91 багт 8898 малчин өрхийн 3321,9 мянган мал /үүнээс тэмээ 26,0 мянга, адуу 128,6 мянга, үхэр 201,6 мянга, хонь 1305,2 мянга, ямаа 1660,4 мянга/  хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган /5,7 сая/ мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүн мэдээ гарч  байна.

Малчдын өвөлжилтийн хувийн бэлтгэл хангах талаар сум, багт чиглэл өгч хоол хүнс, дулаан хувцас, түлээ нүүрс, шатах тослох материалыг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна. Ховд аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээс мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, сумдад өвөлжилтийн бэлтгэл ажил хангалтгүй байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллуулах хүсэлт гаргаад ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын энэ оны 06 дугаар албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Энэ  оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн Онцгой комиссын хурлаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн явцын мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгөөд байна.

Холбоотой мэдээ