Долоон малчин өрхөд 30 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-19 11:01:38

Завхан/МОНЦАМЭ/.Ургамал сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Энэ жил зуншлага сайхан болсон нь малчдад гар тэжээл ахиухан хэмжээгээр нөөцлөх боломжийг бүрдүүлжээ.

Тус сумын хэмжээнд нөөцөд бүрдүүлэх өвс тэжээлийг өөрийн аймгийн болон Ховд аймгийн сумдаас гэрээ байгуулан нийлүүлж байна.

Энэ өвөл 229 өрхийн 106.970 толгой мал, үүнээс 9913 бод мал, 97057 бог мал өвөлжихөөр байгаа. Тиймээс саяхан болсон Бага хайрханы отрын бүс нутгийн 2018 оны зөвлөлгөөнд тус сумын багийн дарга нар, малчид оролцож хамтын хэлэлцээрийг байгуулаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар малчид чулуун хашаа барих, нөмөртэй газар өвөлжөө шинээр барих, нээж хааж, битүүлдэг шийдлүүдтэй хашааг хямд өртгөөр барьж байгаа. Дашрамд дуулгахад аймгийн Засаг даргын санаачилсан “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, малчдын арга туршлагыг харилцан солилцуулах, МАА-н салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Ургамал сумын малчдын зөвлөлгөөнийг хийсэн байгаа. Зөвлөлгөөнд 160 гаруй малчин оролцсон. Мөн малын чанарыг сайжруулах зорилгоор аймгийн цөм сүргийн үржлийн төвөөс Сартуул үүлдрийн 35 хуц, “Буурал” омгийн 10 ухныг иргэдийн захиалгаар худалдан авч малчдад нийлүүлсэн. Малчин өрхүүддээ өрхийн өврийн дэвтэр хүргүүллээ. Малын гаралтай түүхий эд боловруулах, түүнийг зах зээлд гаргах нийлүүлэх тал дээр дэмжиж 2018 онд долоон малчин өрхөд 30 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас олгоод байгаа гэхчлэн мэдээллийг Ургамал сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Бүтээн байгуулалтанд 26.5 сая төгрөгийг зарцуулжээ

Ургамал суманд энэ онд бүтээн байгуулалт их засварын ажлууд ар араасаа цуварсан хөрөнгө оруулалтын хур буусан жил болжээ.

Тухайлбал Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн 205 сая төгрөгийн санхүүжилтээр спорт заалтай 160 хүүхдийн хичээлийн барилгын их засварын ажлыг хийснээр сурагчдын тав тухтай, аюулгүй орчинд суралцах эрх хангагджээ. Мөн Азийн хөгжлийн банкны 416 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрын их засварыг хийснээр дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун ус, угаалгын өрөө, цэвэр бохир устай болж дотуур байрын сурагчид тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломж бүрджээ. Сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг улсын төсвийн 98 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэснээр Эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдын ажлын байр, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрджээ. Мөн Ургамал сумын “Спорт цогцолбор”-ыг ОНХС-ийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулснаар сумын иргэд биеийн тамираар хичээллэх боломж нөхцөл сайжирч, ялангуяа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж байна. ОНХС-ийн  хөрөнгө аливаа бүтээн байгуулалт, засварын  ажлууд хийхэд ихээхэн  дэмтэй байдаг. Энэ жил дээрх сангаас 8.5 сая төгрөгөөр сумын төвөө бүрэн камержуулж, таван сая төгрөгөөр нийтийн номын сангийн засвар, зургаан сая төгрөгөөр сургуулийн гадна хайс шинэчлэлт, нийтийн халуун усыг засварлаж нийт 26.5 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулсан гэв.

 Төгсөгчдийн ногоон төгөл байгуулжээ

Ургамал сум  “Миний гоё сум“ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Төгсөгчдийн ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүлж, энэ жил шинээр 0.6 га талбайд 200 ширхэг модны суулгац тарижээ. Ирэх 2019 онд сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл болоод нийт төгсөгчидөө хамруулсан ногоон төглийг байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн энэ жил албан байгууллага, айл өрхүүд 147 ширхэг модны суулгацыг өөрийн эзэмшлийн хашаандаа тариалснаар ногоон байгууламжаа нэмэгдүүлж, усалгааг тогтмолжуулаад байна. “Хоггүй сум” аян өрнүүлж таван багийн өвөл, хаврын бэлчээр дэх үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж устган, уул овоо, булаг шандны эх, голын ай савыг он гарсаар гурван удаа бүх нийтээрээ цэвэрлэжээ. Энэ 11 сард нийтийн хогийн цэгээ түрж булшлан цэвэрлэж байна. Түүнчлэн албан байгууллага бүр гэрэлтүүлэг, гэрэлтдэг хаягтай болжээ. “Сайн хашаа ” хөдөлгөөн өрнүүлж, үлгэр жишээ нэг өрхийг шалгаруулан шагнаж урамшуулжээ. Өнөөдрийн байдлаар сумын төвийн өрхүүдийн 60  гаруй хувь нь  хашаагаа засварлан шинэчилжээ.

 

Ургамалд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдааг тогтмолжуулжээ

Ургамал сумын брэнд бүтээгдэхүүн нь ингэний хоормог, ямааны сүүний ааруул, суль, сульхирийн гурил  байдаг.

Өнөөдөр тус сумын малчид хонь, ямаагаа холбож саах, ингээ сааж хоормогоо гаргах гэх зэрэг уламжлалт арга ухаанаа орхилгүй өдий хүрчээ. Үүний ачаар ингэний хоормог, ямааны сүүний ааруулыг брэнд бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлдэг уламжлал тогтжээ. Ингэний хоормог бол хүний биед олон талын ач тустайгаас гадна буцалгаж халуунаар нь уувал ядаргаа тайлах увидастай сайхан идээ байдаг. Тиймээс энэхүү бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулахад дэмжлэг үзүүлж “Ургамалд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг сум, аймаг, хотын хэмжээнд гаргадаг уламжлалтай ажээ. Энэхүү үзэсгэлэн худалдааг аймагт энэ жил гэхэд хоёр удаа, Улаанбаатар, Эрдэнэт хотуудад нэг удаа зохион байгуулжээ. Мөн аймгийн төвд зохион байгуулагддаг “Завхан түншлэл” үзэсгэлэн худалдаанд сумынхаа иргэдийн зардлыг хариуцан оролцуулж хэвшээд байна. Энэ жил 35 иргэнийг ажлын байраар хангалаа. Цаашид манай суманд  жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хивс, баяд гутал зэргийг хийх нөөц бололцоо харагдаж байгаа. Ер нь хамгийн үлгэр жишээч баялаг бүтээгчид бол ахмадууд, малчин эмэгтэйчүүд байдаг хэмээн Ургамал сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

 

 

Холбоотой мэдээ