АТГ-ын ажлын хэсэг Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-17 15:19:18


   Увс  /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдалтай танилцах,  өмнөх шалгалтын зөвлөмжийн биелэлтийг шалгах,  2018 оны худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, явц байдал, үр дүнг Үндэсний Аудитын газрын мэргэжилтнүүдтэй хамтран шалгах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг энэ сарын 15-аас эхлэн Увс аймагт ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн жил Увсад ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлсэн байна. Уг зөвлөмжийн биелэлтийг шалгах, хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах ажлыг энэ удаад хийх аж.

“АТГ-аас Увс аймагт хийсэн өмнөх хяналт шалгалтын ажлын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэхүү зөвлөмжид тусгасан зөрчлөө арилгасан байдалтай танилцаж, үнэлэлт хийх юм. Ажлын хэсэг ирээд хоёр хонож байгаа бөгөөд тав хоногийн дараа тодорхой мэдээлэл өгнө” хэмээн АТГ-ын хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир хэллээ.

Аймгийн ЗДТГ-ын гурван давхарт байрлах уг ажлын хэсэгт иргэд авлигын асуудлаар хандаж гомдол мэдээлэл өгөх боломжтой байна.

 

Холбоотой мэдээ