АНУ болон БНХАУ-ыг хамтран ажиллахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-17 10:54:52

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. АНУ болон БНХАУ хамтран ажиллах арга замыг олсноор дэлхий ертөнц илүү аюулгүй, тогтвортой болж, хөгжин цэцэглэх юм гэж АНУ-ын Үндэсний хорооны хоёр улсын харилцааг хариуцсан газрын дарга Стивен А.Орлинс мэдэгдсэн байна.


С.Орлинс энэхүү мэдэгдлээ Нью-Йорк хотноо жил тутам зохион байгуулдаг томоохон арга хэмжээний үеэр хийсэн ажээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын харилцаанд хүнд хэцүү үе олон байсныг тэрбээр онцлон тэмдэглээд, АНУ-БНХАУ-ын ард түмний цаашдын ирээдүйг тодорхойлохын тулд талууд зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.


Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер үг хэлэх үеэрээ, “Манай хоёр улсын харилцааны хамгийн чухал цаг үе тохиож байна” гэжээ.


Пүрэв гарагт зохион байгуулсан уг арга хэмжээнд мэргэжилтэн, албаны төлөөлөгч, дипломат, бизнесийн манлайлагч хийгээд оюутны төлөөлөл бүхий 400 гаруй хүн оролцсон байна.


Түүнчлэн өнгөрсөн 12 сарын хугацаанд АНУ-ын Үндэсний хорооны хоёр улсын харилцааг хариуцсан газраас АНУ-БНХАУ-ын хооронд хөтөлбөр, яриа хэлэлцээ болон харилцан солилцоо багтсан нийт 177 үйл ажиллагааг явуулсан гэж уг арга хэмжээний үеэр С.Орлинс тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ