Улаанбаатар хот улсын төсөвт 289 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-11-16 19:46:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2019 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр болон нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд хүрэлцэн ирж, төсвийн төслөө танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 2018 оны төсвийн зарцуулалт, өнөөгийн байдал болон 2019 оны төсвийн төслийг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Төсвийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн 2019 оны төсвийн төслийг бэлдэх явцдаа иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал, орчны тохижилт, хөрөнгө оруулалт зэрэг дээр нийслэлийн дүүргүүд, хороодын иргэдийн саналыг тусгах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хуулийн дагуу ирэх сарын 5-ны дотор батлах ёстой. 2019 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээс өмнө иргэдийн санал бодол, хүсэлтийг тусгахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. НИТХ-ын ээлжит XIX хурлаар 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Үүний гол бодлого агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, явган болон авто замын чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн гол зарчим бий. Бид бүхэн хөтөлбөрт суурилсан төсөв гэсэн хууль хэрэгжиж байгаа учраас нийгэм эдийн засгийнхаа зорилтын үндсэн чиглэлийн дагуу иргэдийн саналын оролцоотой боловсруулж НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

Монгол Улс бол нэгдсэн төсвийн тогтлолцоотой. УИХ-аар хэлэлцэн, батлагдаж байгаа төсөв дээр Улаанбаатар хот улсын төсөвт 289 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн байгаа. Хот төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ” хэмээн ярилаа.

Нийслэлийн 2019 оны оны төсвийн төслийг энэ сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой. Иргэдийн зүгээс төсвийн төслийг нээлттэйгээр хэлэлцүүлж, өөрсдийн санал, хүсэлтийг тусгуулж байгаад баярлаж буйгаа илэрхийлж байв.

Холбоотой мэдээ