Ачаалал ихэссэн учир ажлын бус цагаар үзлэг хийж эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2018-11-17 09:55:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой Хүүхдийн тасгийн ачаалал ихэсч, 60 шахам хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тасгийн ор хүрэлцээгүй болсон учир Мэдрэлийн тасагт нэмэлтээр гурван өрөөнд үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлэх хүүхдийн тоо их байгаа, цаашид ачаалал нэмэгдэх хандлагатай байгаагаас ажлын өдрүүдэд 19.00-22.00 цаг, бямба, ням гарагт 10.00-14.00 цагийн хооронд амбулаторийн нэмэлт үзлэгийг хийж эхэлжээ.

Томуу, томуу төст өвчин, суулгалт өвчин хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа төдийгүй ханиад хүрсэн даруйд эмчид хандалгүй дур мэдэн эм өгөх, анхааралгүй хугацаа алдсанаар өвчнийг даамжруулж, хүндрэл үүсгэж байгаа эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Сонирхуулахад, Зоорийн давхартайгаа дөрвөн давхар, эмнэлгийн зориулалт бүхий цахилгаан шат, орчин үеийн стандартын 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга энэ онд ашиглалтад орно. Хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орсноор орны хүрэлцээ сайжирч, иргэдийг хот руу явуулдаг чирэгдэл багасахаас гадна эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд олон давуу талыг бий болгох юм.

Холбоотой мэдээ