Ахмадууд өөрсөддөө зориулж сувилал байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-17 14:07:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ахмадын хороо өөрсдийн санаачилгаар ахмадын өргөө, “Ачлал” сувилал байгуулж, тав тухтай амарч байна. Энэ талаар улсын тэргүүний ахмадын хорооны дарга Дугаржавын Тоймаагаас тодрууллаа.

- Ахмадын “Ачлал” сувилалд хэдэн хүн амрах боломжтой вэ?

- Нэг ээлжиндээ 8-12 хүн, сардаа 30 ахмад амруулдаг. Энэ жил сувилалаа нэг сар ажиллуулсан. Мөн ахмадын өргөө маань байнгын ажиллагаатай байдаг. Өнгөрсөн жил өдөр өнжүүлэх ажиллуулсан. Өдөртөө 20-50 ахмадууд ирж санал бодлоо хуваалцаж, тоглоом тоглож, ном сонин уншдаг юм. Өдөрт нэг хоёрдугаар хоол хийж өгдөг байлаа. Заримдаа чаддаггүй юм даа.

- Санхүүжилтээ хэрхэн шийддэг юм бэ?

- Өөрсдөө л олно. Төсөл боловсруулж байгууллагууд руу хандаж авна. Заримдаа төрийн байгууллагаас дэмжлэг хүснэ. Ахмадуудынхаа харьяалагддаг байгууллага, үр хүүхдүүдэд нь хандана. Энэ жил Засаг дарга тодорхой дэмжлэг үзүүлнэ гэж амласан. Ахмадын өргөөгөө өнгөрсөн жил төвлөрсөн халаалтанд холбосон байгаа. Тэгэхээр тасралтгүй жилийн турш ажиллаж байна.

- Амрагчид төлбөр төлөх үү?

- Амрагчдаасаа 7 хоногт 24500 төгрөг аваад, хоол, цахилгааны зардлаа шийдээд болоод байдаг юм.

- Ахмадын өргөө, сувиллын барилгаа яаж босгосон бэ?

- 2012 оны 12-р сард суурийг анх тавьсан. Аймгийн ахмадын хорооны дарга Б.Ширчиндорж ахмадын хороонд 5 сая төгрөг өгөхөөр нь өргөөний суурь тавиад, барилга барина гээд гүйж эхэлсэн түүхтэй. Орон нутгаас дэмжих байлгүй гээд 10х10 харьцаатай байшингийн суурь тавьсан.  Байшингаа бариулахаар барилгын компани хайсан. Тэд нар толгойд багтахгүй тоо хэлдэг юм билээ.

Тэгээд манай суманд амьдардаг Жирми гэдэг америк хүнд хандсан чинь тусалья гэлээ. Тэгэхээр нь хүүгийнхээ найзаар байшингийнхаа зураг төслийг хийлгээд, хүүгээ Жирмитэй хамт ажиллуулаад өргөөгөө барьж эхэлсэн юм. Тэр үед Жирми бидэнд 2 тонн цемент өгсөн нь маш их нэмэр болж билээ. Сум хөгжүүлэх сангаас 6 сая төгрөг хөөцөлдсөн.  Бас сумын ИТХ, ЗДТГ барилгын газар гэх мэт асуудлуудыг маань шийдэж өгсөнд их баярладаг.

Ахмадын өргөө, “Ачлал” сувилал байгуулсан маань бидний хийсэн том ажил. 

Холбоотой мэдээ