Рохинжа дүрвэгсэд нутаг буцахыг хүсэхгүй байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-11-16 16:38:40
МОСКВА. /RIA Novosti/. Бангладешийн эрх баригчид рохинжа дүрвэгсдийг Мьянмар улс руу буцаах төлөвлөгөөгөө хойшлуулсан тухай “Dhaka Tribune” сонинд мэдээлжээ.

Эхний ээлжинд 30 гэр бүлийн 150 дүрвэгчийг Мьянмар руу буцаахаар төлөвлөж байсан боловч рохинжа дүрвэгсдийн хэн нь ч эхний бүлгийн бүрэлдэхүүнд орж нутаг буцахыг хүсээгүй учир ийнхүү хойшлуулсан аж.

Бангладешийн Гадаад хэргийн сайд Абул Хасан Махмуд Али рохинжа нарыг нутаг буцаах ажиллагаатай холбоотойгоор дипломатуудтай уулзах үеэрээ, “НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын Ракхайн мужийн байдлын талаарх тайлан мэдээнд тулгуурлан дүрвэгсдийг Мьянмарт буцаах эсэх шийдвэрийг эцэслэн гаргана” гэжээ. “Бид тайлан мэдээг хүлээж байна” гэж тэрбээр онцлон дурдсан байна.

Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжа нарыг эх оронд нь буцаах төлөвлөгөөг Бангладеш болон Мьянмарын эрх баригчид 2017 оны эцсээр баталжээ. Дүрвэгсдийг 11 дүгээр сарын 15-наас нутаг буцааж эхлэх ёстой байв. 2200 рохинжаг нутаг буцаах төлөвлөгөөгөө зогсоохыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет мягмар гарагт Бангладешын эрх баригчдад хандан уриалжээ.

Мьянмарын Зэвсэгт хүчин тус улсын Ракхайн мужийн нутаг дэвсгэрт лалын шашинт босогчдыг, мөн тус муж дахь хилийн цэгүүд, цэргийн анги нэгтгэлүүдэд цуврал халдлага үйлдсэн рохинжа нарыг “цэвэрлэх” томоохон ажиллагаа явуулж эхэлсний улмаас 2017 оны намар энэ мужид оршин суудаг 700 мянга гаруй рохинжа орон гэрээ орхин, хөрш Бангладеш улс руу дүрвэн гарсан байна. Халдлагуудын улмаас есөн цэрэг, цагдаа амиа алджээ. НҮБ-ын шинжээчдийн баг рохинжа үндэстнийг хоморголон устгасан гэж Мьянмарын цэргийнхнийг буруутгаж байгаа юм. Шинжээчид Мьянмарын армийн ажиллагаа болон Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд Ракхайн мужаас ирсэн рохинжа нарын талаар мэдээлэл цуглуулсан байна.

Мьянмарын эрх баригчид төдийгүй тус улсын буддын шашинт оршин суугчид рохинжа үндэстнийг Бангладешаас ирсэн хууль бус цагаачид гэж үздэг. Тэдний хоорондох зөрчилдөөн олон жилийн түүхтэй боловч 2011-2012 онд Мьянмарт засгийн эрх цэргийнхнээс иргэний засгийн газарт шилжсэний дараа зэвсэгт мөргөлдөөн болтлоо даамжирч, хүмүүнлэгийн хямрал эхэлжээ.
Холбоотой мэдээ