Байнгын хороо Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-16 14:40:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, дэмжлээ.

ЖДҮХС-гаас улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл нийтэд илж болж, улмаар ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Тиймээс ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох тухай Ерөнхий сайдын саналыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 15-нд УИХ-д өргөн барьсан юм.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ баталсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг А.Сүхбат гишүүн дурьдлаа. Харин нэр дэвшигч Ч.Улаан дээрх хуулийн хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажлыг шуурхай өрнүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг Ж.Энхбаяр гишүүн онцлов. Тэрбээр, “Монгол Улс жилд нэг их наяд төгрөгийн хүнс импортоор авч байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд малын үржил селекцийн ажил орхигдсоноос үүдэн Монгол мал давжаарч, дархлаа нь суларсан. Мөн Монгол Улсын нийт газар нутгийн 5 хувийг эзэлж байгаа газар тариалангийн хөрс хамгааллын бодлого орхигдлоо. Нөгөөтэйгүүр хүнс, ХАА-н салбарын боловсон хүчин бэлтгэх ажил хангалтгүй байгаа. Тиймээс дээрх асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх бодлогоо Засгийн газар УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлэх хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн Монгол Улсын бэлчээрийн даацын тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэдгийг Ц.Гарамжав гишүүн хэллээ. Түүнчлэн Улаанбаатар хот орчимд ойрын хугацаанд хүнсний ногоо хадгалах 3-4 томоохон зоорь байгуулах, дотооддоо бүрэн тариалж буй хүнсний ногоог импортоор оруулж ирэхэд өндөр татвар авдаг байх, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээл олголтын дүрэм, журмыг сайжруулах зэрэгт анхаарлаа хандуулж ажиллахыг нэр дэвшигчид захилаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ