УЕП-ын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-16 11:07:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УЕП-ын газраас сүүлийн үед олны анхаарал татаад буй авлигын шинжтэй гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авчээ. Улмаар олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шалгах ажлын хэсэг байгуулав.

Үүнд:-“ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”,

-“Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”,

-“Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”,

-“Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”,

-“Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”,

-“Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”,

-“60 тэрбумын гэх хэрэг”,

-“АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”,

-“Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”,

-“Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгахаар АТГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлыг хэсэг байгуулж, ЦЕГ-ын 22 мөрдөгчийг татан, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Мөн Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүрэг өгсөн байна. Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна.


Холбоотой мэдээ