“Бөх” цогцолборын зарим ажлуудыг зургийн даалгавраас зөрүүтэй хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-16 15:15:52

Архангай /МОНЦАМЭ/. Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сангаас Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төсөл Архангай аймагт хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны 10, 11-р сард Цэцэрлэг хотод хэрэгжсэн “Бөх” цогцолборын тендерийн ажилд судалгаа хийсэн дүнгээ өчигдөр танилцууллаа.


"Бөх" цогцолборыг орон нутгийн төсвийн 100,3 сая төгрөгийн хөрөнгөөр “Алтайн бумбат өргөө” ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ мөнгөнд тус байгууламжийн зургийн ажил нь хамт зарлагдсан байжээ. Зураг төсөв боловсруулах ажлын даалгавар, мөн ажлын гүйцэтгэлийн даалгавраар дээрх цогцолборт есөн ажил хийхээр тусгасан байгаа юм. Энэхүү судалгаагаар тус компанийн гүйцэтгэх ажил болон гүйцэтгэсэн ажил хоёр нь зөрүүтэй гарсан байна. Тухайлбал, Бөхбилэгтийн хөшөөний суурийг 1,8 м өндөр байхаар зурганд тусгасан ч 1,5м, суурийн дөрвөн талд дөрвөн хүчтэн байршуулна гэснийг нэг тал буюу зөвхөн нүүрний хэсэг байршуулсан, 12 жилийн амьтдын нэршил бичигдээгүй, Бөхбилэгтийн цэцэрлэгт хүрээлэнгийн манаачийн байранд засвар хийгдэх ажил хийгдээгүй, усан оргилуурын ажлыг эрчим хүчний асуудлаас хамааран хойшлуулсан гэх мэтчилэн зөрөө гарчээ. 


Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад мэргэшлийн сургалтад хамрагдсан /А3 сертификаттай/ иргэдийн төлөөлөл оролцох ёстой ч аймгийн тухайд дээрх эрх бүхий иргэн маш цөөн,  ихэнх нь төрийн албан хаагчид байжээ. Энэ нь дээрх ажлыг гүйцэтгэх явцад иргэдийн оролцоо, хяналт сул байсныг илэрхийлж байна гэж үзжээ.


Судалгааны төгсгөлд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, ТАХ-ийн харилцаа, ёсзүйг сайжруулах, төрийн байгууллагууд ТББ-уудыг дэмжиж, хамтын ажиллагааг сайжруулах, ажил гүйцэтгэх явцад хяналт хийх, А3 сертификаттай иргэн болон ТББ-ын төлөөллийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг хайрлах, хамгаалах чиглэлээр иргэдэд нөлөөллийн ажил хийх, 2019 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх цэцэрлэгт хүрээлэнд хийх ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх гэсэн долоон заалт бүхий зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүллээ.    

Энэхүү судалгааг ИНБ-ууд болон иргэдийн нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлж, орон нутгийн төрийн байууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага, ил тод байдлыг хэрэгжүүлэх, аливаа тендереер хийгдэж буй ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хийжээ.

Холбоотой мэдээ